|
Intel Nehalem архитектурт шилжих ажиллагаа жил гаруй үргэлжилж байна. LGA 1366 контакт суурьтай Core i7 анхны процессорууд 2008 оны намар гарчээ. Үүнээс хойш бараг жилийн дараа 2009 оны 9 сард Lynnfield цөм, LGA 1156 контакт суурьтай Core i5, Core i7 дөрвөлсөн цөмт процессоруудаар хүрээгээ тэлсэн. Харин 1 сарын 3-наас шинэ микроархитектурт шилжих сүүлчийн шат эхэллээ.
Энэ удаа 84-284 долларын үнэ бүхий долоон процессор шинээр гарч байна. Clarkdale цөмд суурилсан энэ удаагийн процессорууд Hyper-Threading дэмждэг хос цөм, 4МБ-ийн хэмжээтэй гуравдагч түвшний кэш, график цөм, санах ойн хос сувагт контроллер болон PCI Express түгээгүүрийн контроллертой. Шинэ процессорын цөм хос кристалл бүхий савлагаатай. Үүний 32 нм-ийн технологийн процессоор үйлдвэрлэгдсэн арай жижиг кристаллд процессорын хос цөм, гуравдагч түвшний кэш болон QPI түгээгүүрийн контроллер байрлаж байгаа. Харин бусад контроллерууд 45 нм-ийн технологийн процессоор үйлдвэрлэсэн арай том кристаллд байрлана.
Хуучин Lynnfield-ээс процессорын цөмын тоо болон гуравдагч түвшний кэшийн хэмжээгээр хоёр дахин бага байгаа нь Шинэ Clarkdale процессорын үндсэн ялгаа юм. Мөн криптограф буюу шифрлэх алгоритмын зориулалттай шинэ AES командын цомог дэмжихийн зэрэгцээ нэгтгэмэл график цөмтэй болсон байна. Clarkdale-ийн PCI Express түгээгүүрийн контроллер албан ёсоор зөвхөн ганц видеокартанд зориулагдах учиртай тул SLI болон CrossFire ашиглах боломжгүй гэсэн үг. Мөн Тurbo Boost технологийн ажиллагааны алгоритм Lynnfield-тэй харьцуулахад арай "даруу" болжээ. Lynnfield цөмтэй процессор хэмийн давтамжаа таван алхамаар (666 МГц) өсгөх чадвартай бол шинэ Clarkdale процессор дээд тал нь хоёр алхамаар (266 МГц) өсгөнө. Шинэ процессорууд доорхи гурван төрөлд хуваагдана: ● Core i5-6xx: хос цөм, Hyper-Threading дэмжлэг, Turbo Boost, AES командын цомог, 4 МБ-ийн гуравдагч түвшний кэш, нэгтгэмэл график цөмийн хэмийн давтамж 733 эсвэл 900 МГц; ● Core i3-5xx: хос цөм, Hyper-Threading дэмжлэг, 4 МБ гуравдагч түвшний кэш, нэгтгэмэл график цөмийн хэмийн давтамж 733 МГц. AES командын цомог болон Turbo Boost технологи байхгүй; ● Pentium G6950: хос цөм, 3 МБ гуравдагч түвшний кэш, график цөмийн хэмийн давтамж 533 МГц. AES, SSE 4.x командын цомог, Turbo Boost, Hyper-Threading технологи байхгүй. Үнийн хувьд Pentium G6950-87$, Core i3-530 - 123$, Core i3-540 - 143$, Core i5-650 - 176$, Core i5-660 - 196$, Core i5-661 - 196$, Core i5-670 - 284$.
Шинэ процессорын хамтаар Н55, Н57, Q57 шинэ чипсет мөн албан ёсоор гарлаа. Үүний эхний хоёр нь ердийн хэрэглэгчдэд, сүүлийнх нь корпоратив хэрэглэгчдэд зориулагджээ. Шинэ чипсет нэгтгэмэл график цөмийн дохиог эх хавтан дээрх видео гаралтын залгуур луу дамжуулах зориулалттай FDI хэмээх тусгай түгээгүүртэй болсноороо Р55 чипсетээс ялгарч байна. Хэдийгээр 5-т цувралын чипсетүүд, LGA 1156 хийцтэй процессорууд бүгд хоорондоо бүрэн зохицно гэж мэдэгдэж байгаа боловч зарим хязгаарлалт бий. Нэгтгэмэл график цөмийг ашиглах хүсэлтэй бол Clarkdale процессор болон дээр дурдсан гурван төрлийн чипсетийн аль нэгэнд суурилсан эх хавтан заавал ашиглах ёстой. Хэрвээ SLI юм уу Crossfire үүсгэх гэвэл Р55 чипсеттэй эх хавтан төдийгүй, Lynnfield цөмтэй процессор давхар шаардлагатай.
Энэ удаагийн загварууд хурд бүтээмжийн хувьд хэр вэ? Шинэ загвар дотроо ахмад нь болох Core i5-6xx процессорууд ихэнх программ болон тоглоом дээр "жинхэнэ" дөрвөн цөм, 8 МБ-ийн гуравдагч түвшний кэш, "дайчин" Turbo Boost технологитой Core i5-750 процессорын ард орж байгаа нь зүй ёсны хэрэг юм. Шинэ процессорууд том кэш нэхээд байдаггүй, хэмийн өндөр давтамжид түшиглэдэг, ихэвчлэн ганц thread-урсгал бүхий программ дээр сайн ажиллана. Гэхдээ эдгээр процессорыг LGA 775 юм уу AMD-гийн өрсөлдөгч бүтээгдэхүүнтэй харьцуулах аваас хангалттай өөдрөг дүгнэлт хийж болно. Жишээ нь Core i5-661 процессор Core 2 Quad Q9550, Core 2 Duo E8500 болон Phenom II X4 965 загваруудад дөхүү бүтээмжтэй байхад Core i3-540 загвар Core 2 Quad Q8xxx болон Q9400 процессоруудтэй өрсөлдөх түвшинд, Core 2 Duo E7600 загвараас илт давуу түвшинд ажиллана. Харин энэ бүлийн отгон загвар - Pentium G6950 процессор Pentium E6500 болон Athlon II-той дүйцэхүйц байна.
Эцэст нь дээрхийг дүгнэн өгүүлэхэд хуучин LGA 775 хийцтэй бүтээгдэхүүнийг энэ удаагийн шинэ бүлийн процессорууд найдвартай халж чадах нь тодорхой.
Холбогдох мэдээ:
|
Бидний сургуульд хэ...
Үүнээс илүү ойлгомж...
Гайхалтай сайхан мэ...
Дээрх мэдээллээр бо...
Энэ "barrier"-ыг хэз...
Хэрэв бид уг хард ди...
хэхэ угаасаа тэгэх н...